-1

Бусдын амьдралд шийдвэр гаргах түвшинд оролцож байгаагаа ухамсарлан хариуцлагатай хандах хэрэгтэй юм.

2019-10-18 00:00:00    |   44

Ц.Отгонгэрэл миний бие 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэнийхээ үүргийг биелүүлж иргэдийн төлөөлөгчөөр оролцож санал дүгнэлт гаргасандаа баяртай байна. Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцож санал дүгнэлт хэлэх нь хуулиар оноосон иргэн бүрийн үүрэг болж хуульчлагдсан байна. Юуны өмнө иргэн бүр хуулийн болон шүүхийн талаарх мэдлэг, боловсролоо дээшлүүлэх үүрэг хүлээж байгаа юм байна.

Миний оролцсон шүүх хуралдааны хувьд зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэж, иргэний журмаар гэм хорын хохирол нэхэмжилсэн ээдрээ багатай байх шиг санагдсан. Гэхдээ ямар ч шүүх хуралд оролцох байсан шүүх хурал эхлэхээс цагийн өмнө очиж хэргийн материалтай танилцах, шүүхэд тангараг өргөх, ямар эрх, үүрэг хүлээж байгаагаа ойлгох, бие даасан шийдвэр гаргахын тулд биеэ хэрхэн авч явах гээд олон зүйлийг мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн.

Нэг талаасаа шүүхийн үйл ажиллагааг шударга явуулахад энэхүү хуулийн зорилго чиглэгдсэн бол иргэн миний хувьд шүүхийн үйл ажиллагааны тухай ойлголт авч цаашид хуулийн мэдлэгээ сайжруулах шаардлага иргэн бүрт оногдож байна гэж харлаа. Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн хэнээс ч хараат бусаар шүүх хуралдаанд оролцон, шүүгчид хэрэг маргааныг хэрхэн үнэн зөв шударгаар хуулийн дагуу шийдвэрлэдэг, шүүхийн иргэдийн төлөөлөгч ямар ач холбогдолтой, шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд зүгээр нэг ажиглагчийн байрнаас суух биш хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа, шүүгдэгчийн гэм буруутай нь шүүх хуралдаанаар бүрэн нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт гаргаж хэрэгт хавсаргадаг зэргийг тайлбарлаж өгсөний үндсэн дээр иргэдийн төлөөлөгчийн санал шүүхийн шийдвэрт нэлээн чухал байр эзэлдэг юм болов уу гэж ойлголоо. Бусдын амьдралд шийдвэр гаргах түвшинд оролцож байгаагаа ухамсарлан хариуцлагатай хандах хэрэгтэй юм байна.

Хойшид жилд 1 хүнийг 1 удаа сонгож оролцуулах биш улиралд 1 удаа жишээ нь: Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн шүүх хуралдаанд 1,1 удаа оролцохоор сонгож байвал зүгээр санагдлаа ингэснээр шүүх, иргэн хоёрын хоорондын уялдаа холбоо, харилцаа сайжран шүүхэд итгэх иргэдийн итгэл улам нэмэгдэх, мөн шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон иргэний хувьд бага ч гэсэн хуулийн мэдлэгтэй болж авлаа. 

Монгол улсын шүүхийн түүхийг бичилцэж, шудрага ёсыг тогтоох их үйлсэд хувь нэмэрээ оруулж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

. . .